Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Screenshot-2022-04-18-230451.png

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн нар өнөөдөр ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус анги нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийн хүрээнд эхний ээлжийн Airbus EC-145 T-1 загварын 2 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын “Cabri G-2” нисдэг тэргийг хүлээн авч, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулан үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Түүнчлэн энэ сарын 04-ний өдрөөс эхлэн Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт” дадлагыг зохион байгуулав.

Тус сургалт, дадлагад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Бүгд Найрамдах Франц улсын Иргэний аюулгүй байдлын газрын сургагч багш нар оролцож байна.

Мөн нисгэгч бүрэлдэхүүний анхан шатны сургалтын нислэгийг эхлүүлсэн бөгөөд нислэгийг “Cabri G-2”  нисдэг тэргээр үйлдэж байгаа юм.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус ангийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Бидний хамтран хэрэгжүүлж байгаа төсөл бол бодитойгоор хэрэгжиж байгаа, үлгэр жишээ болохуйц төсөл гэж бодож байна. КОВИД цар тахал болон тээвэр ложистикийн хүндрэлээс болоод зарим нэг үйл ажиллагаанууд саатсан хэдий ч хоёр талын хүчин чармайлтын үр дүнд ангарын барилга байгууламжуудаа барьж, нисдэг тэргүүд нийлүүлэгдэж, Францын талын мэргэжилтнүүд ирж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, манай алба хаагчдыг сургаж дадлагажуулах ажлууд эхлээд явж байгаа нь бодит үр дүн юм” хэмээн онцолсон.

Харин Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн “Анх удаа танай анги дээр ирж үйл ажиллагаатай танилцаж байгаадаа баяртай байна. Энэхүү төсөл бол иж бүрэн, бүх талыг хангасан цогц төсөл. Яагаад би иж бүрэн төсөл гэж онцолж байна вэ гэвэл төслийн хүрээнд шинээр техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээж авахын зэрэгцээ Онцгой байдлын алба хаагчдыг чадавхжуулах, бэлтгэх сургалтууд дэс дараатайгаар хийгдэж байна. Үүний үр дүнд алба хаагчид шинэ тоног төхөөрөмжөө бүрэн эзэмшиж, цаашид засвар үйлчилгээг ч өөрсдөө хийгээд явах гээд бүх талыг бодолцож, багтаасан төсөл учраас юм. Энэ төсөл Монгол Улсын Иргэний хамгааллын салбарын чадавхыг улам бэхжүүлэх энгийн хэрнээ маш чухал зорилготой төсөл. Алба хаагчид та бүхэн өөрсдийн туршлага мэдлэг дээр өнөөдөр дахин шинэ мэргэжил эзэмших мэт мэдлэгийг олж авч, агаараас, нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулах анхны мэргэшсэн алба хаагчид болж байна. Та бүхэнд талархал илэрхийлье” гэсэн юм.

Энэ үеэр “Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт”-д амжилттай оролцсон алба хаагчдад сертификат гардууллаа.

scroll to top