Хурандаа цол нь дэлхий нийтийн цэргийн цол бөгөөд ахлах офицерийн дээд цол юм. Анх 1509 оноос Францын Легионы армид хэрэглэж эхэлсэн гэж үздэг. Легионы нэг хурандаа дороо 6000 орчим хүнтэй нэгтгэл захирдаг байжээ. Энэ нь 17-р зуунаас Европын орнуудын армид уламжлан явсаар дэлхий нийтийн жишгээр армийн хорооны захирагчийн цол болсон юм.
Энэ нь дунджаар мянган хүнтэй байлдааны нэгжийг удирдах хэмжээний дарга гэсэн үг. Америк болон Англи гаралтай, колони нь байсан олонхи оронд COLONEL, испани, португаль гаралтай улсууд CORONEL, герман гаралтай нь OBERST, славян гаралтай улсуудад гол төлөв ПЛУКОВНИК, ПОЛКОВНИК гэх мэтээр нэрлэдэг.
Монгол Улсад анх 1936 оны 02-р сарын 21-ний өдөр Хурандаа цол батлагдан 03-р сарын 02-нд анхны хурандаа цолыг МАХЦ-ээс Булган аймгийн харьяат Зундуйн Жанцан хүртэж байсан бол 1936 оны 07-р сарын 16-ны өдөр Хил хязгаарыг батлан хамгаалах цэргийн хэргийг эрхлэх газрын штабын дарга Жанцангийн Намсрай Хилийн цэргийн анхны хурандаа болж байжээ.
Монгол Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хурандаа цол олгох шийдвэр гарч, 03 дугаар сарын 02-нд анх хурандаа цол олгосон түүхэн өдөр юм. Хамгийн анх 1936 онд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага, 1950 онд цагдаагийн байгууллага, 1964 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 1971 онд Онцгой байдлын байгууллага хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй.

Хурандаа цолтнууд бол салбар бүртээ манлайлагч болж ирсэн арвин их туршлага, чадвартай боловсон хүчин байдаг.
Өнөөдөр дэлхий дахин монгол цэргийн авхаалж, самбаа, ур чадвар, үүрэгтээ үнэнч, эрэлхэг чанарыг бахдан, үлгэр дуурайллаа болгож байгааг та бид мэднэ.
Монгол цэрэг, дайчид дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж, улс орныхоо нэрийг өндөрт өргөж явааг бахархахгүй байхын аргагүй.
Энэ бүхний ард манай хурандаа нарын удирдлага, ур ухаан, хүч хөдөлмөр байдаг.
Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн төрийн цэргийн “Хурандаа” цолтнуудын гавьяаг алдаршуулах зорилгоор 2016 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Хурандаа нарын өдөр”-тэй болж, “Монгол Хурандаа” -гийн өдрийг тэмдэглэж байхаар болсон.

Монгол улсынхаа өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа эрхэм хурандаа нартаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Дашрамд сонирхуулахад: Монгол улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж байгаа болоод чөлөөнд гарсан хурандаа цолтнуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монгол хурандаа” нийгэмлэг 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж байжээ.
Цаг үеийн байдал, хурандаа нарын хүсэлтээр тус нийгэмлэг нь шинэчлэн зохион байгуулагдаж, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар чуулга уулзалтаа хийж салбар зөвлөл, бүлэг, хэсэг, клубын системээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Тус нийгэмлэг хурандаа цолтнуудын эрх ашгийг илэрхийлсэн, аливаа улс төрийн нам, эвсэл холбооноос ангид, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг, сайн дурын эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага юм.
Түүнээс гадна ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлж, ахмад үеийнхээ ажлын дадлага туршлагыг дэлгэрүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.