Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшиж, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 11 дүгээр сарын 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 6-нд говь, талын нутгаар, 8-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч бусад хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

2.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэрСүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн “Гүн худаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 13:03 цагт хүлээн авсан. Орон нутгийн 10 иргэн 2 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж 13:44 цагт унтраасан.

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Хүрзэтийн-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 29 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 15:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 36 хүн, 4 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж 22:10 цагт унтраасан.  

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврахХовд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/ “Буянт” голын 5 метрийн өндөр бетонон гүүрнээс тус сумын харьяат иргэн С /27 настай, эмэгтэй/ үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 17:45 цагт эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Усны осол /эрэн хайх, аврах/: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Наранбулаг багийн “Майдар сан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 6 км/ “Тамир” голын усанд тус сумын харьяат иргэн Б /48 настай, эмэгтэй/ живсэн тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 09:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 11.03-ны өдрийн 10:08 цагт иргэн Б /48 настай, эмэгтэй/-ын цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Бусад: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн “Шаврын-Ам” гэдэг газар   /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун хойд  зүгт 40 км-т/ тус сумын төвөөс Архангай аймгийн төвийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан “Лексүс РХ-450” загварын суудлын автомашин “Чулуут” голын усанд суусан тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 02:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 120 км зам туулан 04:50 цагт очиж усанд суусан автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top